Нүүр > Үйл ажиллагаа > Сургалт , сурталчилгаа
Хэвлэх хувилбар
Сургалт , сурталчилгаа

Байгаль хамгаалах ажлын нэг чухал хэсэг нь байгаль орчныг хамгаалах талаар гаргасан хууль тогтоомжийг сахиулах, ажлыг зөв удирдан зохион байгуулах, мэдээлэл сургалт сурталчилгааг явуулах хөтөлбөр боловсруулж хэрэгжүүлэх явдал байдаг.
Хууль тогтоомжийг амьдралд хэрэгжүүлэх ажлын гол үндэс нь хуулийг ард иргэд олон нийтэд сурталчлан таниулж ойлгуулах явдал бөгөөд байгаль хамгаалах талаар гаргасан хууль тогтоомж, дүрэм журмуудыг ард иргэд хэдий чинээ сайн ойлгож, мэдэж, хүлээн авч байгаагаас шалтгаалж байгаль хамгаалах ажлын цаашдын үйл ажиллагаа ихээхэн хамаарна.

Ард иргэдийн байгалийн баялагтай харьцах харьцаанд өөрчлөлт оруулахын тулд улс төр, эдийн засаг, соёлын болоод бусад салбарын тодорхой арга хөшүүргүүдийг хэрэглэхийн зэрэгцээ байгаль орчны ухамсар дээшлүүлэх арга хэмжээ авч явуулах шаардлагатай байна.

Хан Хэнтийн ТХГ- ын ХЗ нь одоогийн байдлаар ГТХАН- ийн ”Байгаль хамгаалал байгалийн нөөцийн тогтвортой менежмент хөтөлбөртэй хамтран Горхи- Тэрэлжийн БЦГ- т хяналт шалгалт, мэдээлэл сурталчилгааны ”Туул” төв, Хэнтий аймгийн Батширээт, Төв аймгийн Мөнгөнморьт, Сэлэнгэ аймгийн Зүүнхараа, Түнхэл тосгонд Мэдээлэл сургалт сурталчилгааны төвүүдийг нээн ажиллуулж орчны бүс нутагт амьдарч буй олон нийт, ард иргэд, хүүхэд залууст экологийн боловсрол олгох, байгаль орчны хууль тогтоомж, Хан Хэнтийн ТХГН- т мөрдөх дэглэм журмын талаар ойлгуулж мэдүүлэх зорилгоор үүсгэн байгуулж ажиллаж байна.
Хамгаалалтын захиргаа болон ГТХАН- ийн ”БХБНТМ” хөтөлбөрөөс хамтран байгаль хамгаалах хууль тогтоомжийг олон нийтэд сурталчлах, орчны бүсэд амьдарч буй иргэдэд, хүүхэд залуусын чөлөөт цагийг үр бүтээлтэй зөв өнгөрүүлэх, амьдрах ухаанд сургах зорилгоор МССҮТ- үүдээ түшиглэн сургалт явуулах, орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслийг ашиглан мэдээлэл сурталчилгаа хийх, орон нутгийн захиргаад болон холбогдох байгууллагуудтай хамтын ажиллагаатай ажиллах талаар гэрээ хэлцэл хийж, тодорхой ажлуудыг зохион байгуулан ажиллаж байна.
Мэдээллийн төвөөс 12-15 хүүхэд хамруулсан байгаль хамгаалах клубуудыг байгуулан, дугуйлангийн хөтөлбөр, агуулгыг сургуулийн хөтөлбөртэй уялдуулан төлөвлөгөө зохиож багш нарыг өргөнөөр татан оролцуулдаг. Байгаль хамгаалал, биологи, амьтан ургамал, ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх, байгаль хамгаалах хуулиудаар ерөнхий мэдлэг өгөх сургалтуудыг тухайн орон нутагт гарч буй бэрхшээлүүдтэй холбон тайлбарлаж, хүүхдүүдэд ойлгуулах зарчмаар ажилладаг. Нэг хичээлийн жилд 1-8 ангийн хүүхдүүдэд зориулж ойролцоогоор 140-150 цагийн экологийн хичээлд ордог. Улмаар хүүхдүүдийн сонирхлыг татах зорилгоор авхаалж самбаа сорьсон Дэвжээ тэмцээнийг удаа дараа зохион байгуулж, түрүүлсэн хүүхэд, багуудыг урамшуулан шагнадаг нь хүүхдүүдийн идэвхийг өрнүүлэхэд ихээхэн нөлөөлдөг.
Мөн хамгаалалтын захиргаа хөтөлбөртэйгөө хамтран “Хан Хэнтий” сонинг 2 жил гаргаж байна.

Байгаль орчны тухай, ой хээрийг түймрээс хамгаалах тухай хуулиудыг тухайн орон нутагт гарсан хэрэг зөрчилтэй холбон тайлбарлан, байгаль хамгаалал, экологийн сэдвүүдээр ярилцлага зохион байгуулан, ан амьтан, байгалийн тухай болон уран сайхны кино үзүүлэн ажилаа сурталчилдаг нь орон нутгийн ард иргэдийн талархалыг зүй ёсоор татдаг байна.
Байгаль хамгаалах клубын хүүхдүүдийг сурталчилгаандаа өргөнөөр татан оролцуулан тэд нарын найруулсан жүжиг, хийсэн бүтээлүүдээс сонирхуулан явуулын самбарыг сумын захиргаа, бусад албан байгууллагууд болон багийн хуралд тавьж үзүүлдэг.

Сургуулиуд дээр ”Байгаль хамгаалах өдөр”- ийн хүрээнд тодорхой үйл ажиллагаануудыг хэрэгжүүлдэг. Налайх дүүргийн “Оюуны элч” сонины ажилтнууд, Налайх цогцолбор сургуулийн “Шинэ зуун- Байгаль” хөдөлгөөний хүүхдүүдтэй хамтран Горхи- Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын Туул голын хөндийн дагуу хог цэвэрлэх байгаль орчны аянг 2 удаа, Төв аймгийн Мөнгөнморьт сум, Хэнтий аймгийн Батширээт, Мандал сумын төвийн хог цэвэрлэх аянг клубын хүүхдүүд удаа дараа санаачлан гар бие оролцон бусад хүүхэд, залуучууд орон нутгийн иргэдэд үлгэр дууриал үзүүлж байна.

n_zasag
http://www.namhem.pmis.gov.mn/
bogdhan_logo
wqmd-banner
logo-naqo
ub_logo