Нүүр > Аялал жуучлал
Хэвлэх хувилбар
номын их хүрээг нээсэн нь

Түшээт хан Гомбодоржийн хүү Занабазарыг 1639 онд одоогийн Өвөрхангай аймгийн Бүрд сумын нутаг дахь Ширээт цагаан нуур гэдэг газар халхын шашны тэргүүнээр өргөмжлөн "шар бүсийн орд"-ыг байгуулсан нь өдгөөгийн нийслэлийн үндэс суурийг тавьсан ажээ. Өргөө нэрээр анх ханаа дугуйлсан нийслэл хотын анхны нэр 1651 оны үед Номын хүрээ болж өөрчлөгдөн 1706 оныг хүртэл тийн нэрлэгдэж байв. Нийслэл хот Орхон, Тамир, Туул голуудын хөндий дагуу 29 удаа нүүдэллэсний эцэст 1778 онд одоогийн байгаа газар суурьшиж Их хүрээ нэртэй болжээ. Нийслэл Өргөө, Номын хүрээ, Их хүрээ хот, Нийслэл хүрээ зэргээр нэрийдсээр 1924 оноос Улаанбаатар хэмээн тогтжээ.

Монголын нэрт гэгээрүүлэгч Өндөр гэгээн Г.Занабазар нь олон тооны сүм хийдийг байгуулсны нэг нь Хэнтий ханы өвөрт уул, усны тэгшийг сонгон номын их хүрээг байгуулсан нь өдгөөгийн Төв аймгийн Эрдэнэ сумын нутагт Хийдийн Сарьдаг ууланд орших Төгс баясгалант Номын Их хүрээ буюу Рибогэжайганданшадублин хийд юм. Тус хийдийг Өндөр гэгээн Занабазар 1654 оноос-1680-аад оныг хүртэлх хугацаанд байгуулсан төдийгүй 1686 оны гал барс жилийн зун тус хийдийн бурхан шүтээнд равнай хийсэн тухай бичгийн сурвалжид тэмдэглэгдсэн байна. Тус хийд нь тухайн үеийн томоохон төв болж байсан төдийгүй Хутагтын чулуун хот хэмээн алдаршиж байжээ. Гэвч энэ байдал удаан үргэлжилсэнгүй 1688 оноос дэгдсэн Халх, Ойрадын дайны самуунаар эвдлэн сүйтгэжээ. 

Тус хийдийг уулын энгэрин дагуу дэвсэгт байгуулсан бөгөөд 9 барилга, 3 суваргаас бүрдэнэ. Тус хийдийн ханын чулуун өрлөг нь Сүм хөх бүрд, Хөгнө Тарны хийд, Цогтын цагаан байшин, Олон байшин, Хэсэг байшин, Хар бухын балгас, Сүмийн толгойн балгас зэрэг XVII зууны үеийн барилгуудтай төстэй байна.

Олноо "Сарьдагийн хийд" хэмээн алдаршсан Номын Их хүрээний турийг XX зууны эхэнд олсон хэдий ч дорвитой судлагдалгүй өнөөг хүрчээ. Харин уг хийдийн турийг ШУА-ийн Түүхийн хүрээлэнгийн захирал профессор С.Чулууны санаачлагаар 2013-2016 оны хооронд хэрэгжүүлж буй "XVII зууны Монголын хотууд" төслийн хүрээнд археологийн малтлага судалгааг хийгдэж эхлээд байна. Төслийн хүрээнд 2013, 2014 онуудад ШУА-ийн Түүхийн хүрээлэн, ССАЖЯ, Богд хааны ордон музей, Соёлын өвийн төв, Хан Хэнтийн дархан газартай хамтарсан хээрийн шинжилгээний анги хэд хэдэн малтлага судалгаа хийж хийдийн зохион байгуулалтын талаар багагүй хэрэглэгдэхүүн цуглуулсан төдийгүй судалгааны дүнд тус Номын их хүрээний зургийг сэргээн зураглаж, Түвэд маягийн хавтгай дээвэртэй, дээврийг ногоон, алтан шар, улбар шар өнгийн ваараар хучиж, гоёмсог хээ угалзтай нүүр ваар, паалантай шавар дүрсүүдээр чимэглэсэн болохыг тодруулсан нь XVII зууны монголын хот суурин, хүрээ хийдийн судалгаанд томоохон ач холбогдолтой ажил болсон байна.

Малтлага судалгааны дүнд уран нарийн хийц бүхий барилгын шавар чимэглэл, язгуурын таван бурхан болон асар том хэмжээтэй бурхдын шавар баримал, тал хэвэнд цутгасан бурхдын шавар дүр зэргийг илрүүлсэн нь монголын төдийгүй Дэлхийн хэмжээнд Занабазар судлалд нэн их ач холбогдол бүхий хэрэглэгдэхүүн юм. Мөн өндөр гэгээний тус хийдээс эртний Монголчуудын ялтсан хуяг, дуулга, илд, цахиур буу, цагаан шаазан цом зэрэг тахил шүншигийн холбогдолтой эд өлгийн зүйлс алт, мөнгө, эрдэнийн чулуу зэрэг XVII зууны үеийн эдийн соёлыг нөхөн сэргээхэд чухал ач холбогдолтой биет олдворыг илрүүлэн олж судлан шинжилж байна.

Тус үзэсгэлэнд Сарьдагийн хийдэд хоёр жилийн малтлага судалгааны явцад илрүүлсэн олдворуудаас дээжлэн 150 гаруй үзмэрийг дэлгэн үзүүлж буй юм.

n_zasag
http://www.namhem.pmis.gov.mn/
bogdhan_logo
wqmd-banner
logo-naqo
ub_logo