Нүүр > Мэдээ мэдээлэл
Хэвлэх хувилбар
МОНГОЛ ТҮМНИЙ БАХАРХАЛТ БУРХАН ХАЛДУН ХАЙРХАНЫ ТӨРИЙН ТАХИЛГА, ТАЙЛГЫН АЖЛЫН ТАЛААР

Хамаг Монгол Улс хийгээд Монгол туургатны сүлд хайрхан болсон өнө эртний түүхтэй “Бурхан Халдун” уулын тэнгэрийг тайх тахилга, Монгол Улсын бүх цэргийн хар сүлдийг цэнгүүлэн тахих төрийн их ёслол 2015 оны 5 дугаар сарын 27-ны өдөр Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын нутагт орших Хан Хэнтий уул болох Бурхан Халдун уулнаа ёслол төгөлдөр болж өндөрлөлөө.

Тахилгын ёслолын өмнөх өдрийн орой Монголын Бурхан шашинтны төв, Гандан тэгчинлэн хийд, орон нутгийн хийдийн лам нар “Итгэл”, “Ганданлажаа”, “Өлзий хутаг буулгахсан” зэрэг ном хурж Долоон бурхан одны тахилга үйлдсэн. 2015 оны 5 дугаар сарын 27-нд Бурхан Халдун уулын тэнгэрийг тайх тахилга эхлэх үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж Бурхан Халдун уулын “Чингисийн овоо” буюу “Тэнгэрийн овоо”-ноо хүрэлцэн ирсэн.  

 

Их эзэн Чингис хааны үеэс тахин шүтэгдэж ирсэн Бурхан Халдун уулыг 1930-аад оноос хойш ил тод тахихаа больсон хэдий ч нутгийн иргэд нууцаар тахилга үйлдэж түүхэн уламжлалаа хадгалсаар ирсэн бөгөөд Бурхан Халдун уулын төрийн тахилгыг сэргээхийн төлөө олон нийтийн санаачилга, хөдөлгөөн өргөн хүрээтэй өрнөж, 1995 онд Монгол улсын Ерөнхийлөгчийн зарлиг гарч 4 жил тутам 1 удаа төрийн тахилга хийдэг болсон. Хан Хэнтий уулыг тайхад Чингис хааны зарлигийг уламжлан дагаж Монгол Улсын бүх цэргийн хар сүлдийг цэнгүүлэх, тахих ёслолыг хамтатган гүйцэтгэх нь зүйтэй гэж үзсэн.

Иймээс Бурхан Халдун ууланд зорчих аялагчдыг цэгцлэх, Төрийн тахилгыг  олон янзаар хийж байгааг нэг мөр болгох, ард түмний тэр дундаа нутгийн зон олны хууль мэт дагаж мөрдөж буй ёс уламжлалыг сахин мөрдүүлэх зорилгоор Ерөнхийлөгчийн Тамгын газар, Төрийн ёслолын алба, Байгаль орчин, ногоон хөгжлийн яам, Соёл, спорт аялал жуулчлалын яам, Батлан хамгаалах яамны Зэвсэгт хүчний жанжин штаб, Хан Хэнтийн улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргаа, ШУА-ийн Археологи, Түүхийн хүрээлэнгүүд, Үндэсний түүхийн музей, Хэнтий, Төв аймгийн Засаг дарга, ИТХТ-ийн дарга нар оролцсон хэлэлцүүлэг удаа дараа зохион байгуулж, “Бурхан Халдун хайрханд аялах уламжлалт зан үйлийн ёслол үйлдэх журам”-ыг Соёл спорт, аялал жуулчлалын яам, Хан Хэнтийн улсын тусгай хамгаалалттай газрын  хамгаалалтын захиргаа хамтран боловсруулан БОНХСайдын 2013 оны А-361 тоот тушаалаар батлуулан  Төрийн тахилгат Бурхан Халдун хайрханы тайлгын наадмын уламжлалыг сэргээх тахилгаас тайлгын наадмыг салган тусгай хамгаалалттай нутгийн хилийн цэсийн гадна талд хийдэг болгох, байгаль орчны талхагдлыг эрс бууруулах, тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын горим дэглэмийг мөрдөх боломжийг бүрдүүлэн ажиллалаа.

Хан Хэнтийн уулын тайлга тахилгатай холбогдох архивын баримтууд, Эрдэм шинжилгээний өгүүллүүд, Дурсамж сангийн судар, Бурхан Халдун хайрхантай холбогдох эрх зүйн баримтууд, Архивын баримтын жагсаалтуудыг бүрдүүлэн, Хан Хэнтийн УТХГ-ын хамгаалалтын захиргаа болон ШУА-ын түүх, археологийн хүрээлэнтэй хамтран 406 хуудас бүхий “Үндэсний бахархалт Бурхан Халдун хайрхан” номын эхийг бэлтгэж, хэвлүүлэн нийтийн хүртээл болголоо. 

n_zasag
http://www.namhem.pmis.gov.mn/
bogdhan_logo
wqmd-banner
logo-naqo
ub_logo