Нүүр > Нєєц баялаг
Хэвлэх хувилбар
Хөрс

Хан Хэнтийн ТХГ нутаг нь Монгол орны хөрс- газар зүйн мужлалаар Хангайн хөрс- био уур амьсгалын их мужийн чийглэг өндөршлийн бүс шил бүхий Төв Хэнтийн тойргийг хамарч усны хагалбар уулс , ян сарьдаг, хөвч тайга голлосон өндөрлөг төв хэсэгт орших учир уулын болон ам хөндийн хэд хэдэн үндсэн хэв шинжид хамрагдах хөрс тархжээ.Үүнд:
Уулын тундрын ширэгт, уулын тундрын хүлэрлэг-глейт хөрс:Уулсын 2000 м түүнээс өндөрт, ойн хилээс дээших тагийн бүслүүрт хад асга, чулуун илэрцийн хооронд хам бүрдэл үүсгэж алаг цоог тархана.
Хэнтийн төв хэсгийн олон жилийн үргэлжилсэн цэвдэг тархсан усан хагалбар уул нурууд, тэдгээрийн салбар дундаж өндөр уулсын зузаан хөвдөн хучаастай, аньс, ямаан арц, сургар, нэрс, тэрэлж, бадаан, унаган туруу, улалж голлосон сөөг сөөгөнцөр ташингатай хуш - шинэс болон дан хушин ой бүхий бүх газарт энэ хөрс өргөн тархалттай.
Уулын ширэгт- тайгын, уулын ширэгт- тайгын чандруулаг хөрс: Хэнтийн нурууны төв хэсэгт багавтар, харин салбар дундаж өндөр уулсад ихээхэн талбайд тархана. Голчлон уулсын ар хажууд уулын цэвдэгт- тайгын хөрснөөс нам түвшинд уулсын бэл хүртэл, харин өвөр хажууд нэлд нь өөрөөр хэлбэл аньс, тавилгана, нохойн хошуу зэрэг сөөгөнцөр, ойн улалж, унаган туруу, буржгар, шимтгэлтэй голлосон элдэв өвс бүхий жигд биш хөвдөн хучаастай дан шинэсэн ба хуш, хус, нарс бүхий холимог шинэсэн ойд өргөн тархана.
Уулын ойн бараан хөрс: Туул, Онон, Хэрлэн, Минж, Тэрэлж зэрэг томхон голуудын усан хагалбар уулсын хажуугийн өтгөн шигүү өвслөг ургамал бүрхэвчтэй, шинэс, нарс- шинэс, хус- шинэсэн ойд уулын ширэгт- тайгын хөрстэй залгаж тогтворждог.
Уулын хар шороон хөрс. Үетэн- элдэв өвст уулын нугат- хээрийн ургамалшил бүхий өндөр уулсын өвөр хажуугийн ой модгүй хажууд тархах учир элэгдэл эвдрэлийн үйл явцад байнга автаж харьцангуй нимгэн, гадаргаасаа эхлээд сайр чулуурхаг, сул тогтоцтой, карбонатын хуримтлал жигд биш, үе давхаргуудын шилжилт бүдэг байдаг.
Хар шороон хөрс, нугат- хар шороон хөрс. Ойн хилээс доош уулсын бэл хормой, голын өндөр дэнж зэрэг үетэн элдэв өвс голлосон нугат- хээрийн ургамалшилтай газарт тархана.
Нугын ба нугат- намгийн хүлэрлэг цэвдэгт хөрс. Томоохон голууд, тэдгээрийн цутгалуудын ам хөндийн буурц хэсэг, нам дэнжээр тархана. Нугын хөрс элдэв өвс, улалж, нугын үетэн голлосон 90- 100 хувь бүрхэцтэй газарт, нугат- намгийн хөрс нь усан хангамж илүүдэлтэй дов сондуул бүхий торлогтой, хус, шинэс заримдаа тохиолдох намгархаг газраар тархана. Аллювийн хөрс. Томхон голуудын татам, нам дэнж, үлдэгдэл хуурай гольдрол зэрэг хотос хонхорын хөрсний ус гадаргад ойрхон байдаг газруудад тархсан байдаг. Энэ хөрсөнд улалж, элдэв өвс, үетэн зэрэг өвслөг ургамлаас гадна торлог, бургас, улиас, шинэс ургасан байх нь нийтлэг юм.

n_zasag
http://www.namhem.pmis.gov.mn/
bogdhan_logo
wqmd-banner
logo-naqo
ub_logo