Нүүр > Аялал жуучлал > Байгаль, түүх соёлын дурсгал
Хэвлэх хувилбар
Байгаль, түүх соёлын дурсгал

Хан Хэнтийн тусгай хамгаалалттай газар түүний орчны бүс нь монгол угсаатны буурал түүхтэй холбоотой, Монголын эзэнт их гүрний төв хэсэг түүхнээ гурван гол хэмээн алдаршсан Онон, Хэрлэн, Туул голуудын сав нутаг болохын учир чухам л түүх,соёл,урлагийн дурсгалт зүйлсийн өлгий юм. Энд л эртний чулуун зэвсгийн үеээс аваад түүхийн бүхий л үед хамаарагдах дурсгалууд хадгалагдаж байдаг. Тухайбал Рашаан хадны сүг зураг,тэр орчмоос үй түмээр олдох чулуун зэвсэг,киданы үеийн хэрэм,янз бүрийн цаг үед хамаарагдах булш, хиргэсүүрүүд ,хүн чулуу,буган чулуун хөшөө,эзэн Чингэсийн амь хоргодсон Бурхан Халдун уул, дэлхийд алдаршсан Түрэгийн их жанжин мэргэн Тоньюукукын бунхан, гэрэлт хөшөө, Сарьдгийн хийдийн туурь, Гүнжийн сүм,эрт үеийн болоод түүхийн бүр саяханы гэхүйц 1911,1921 оны үеийн тулаан байлдааны түүхт газрууд гээд дурдах газар үзэх зүйлийг тоочоод барахгүй юм.

Бурхан Халдун уул
Эзэн Чингэсийн үеэс өнөөг хүртэл тахин шүтэж,хайрлан хамгаалж ирсэн уул усны нэг бол Бурхан Халдун уул юм.Монголын эртний сурвалж бичиг “Монголын нууц товчоон”-д өгүүлсэнээр Их эзэн Чингэс хаан хойч үедээ эрхэмлэн захиж гэрээсэлсэн нь:
... Өндөр дээд Бурхан Халдун чамайг
Өглөө бүр мялааж байя,
Өдөр бүр тахиж байя,
Үрийн үрд үүрд тахиж
Үе тутам үргэлж шүтье... хэмээжээ.
Энэхүү шүтэлгэт Бурхан Халдун уул Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын нутаг Хэрлэн голын эхний баруун гар талын цутгал болох Богдын голын эхэнд далайн түвшнээс дээш 2361.5 м өндөрт өргөгдөн оршино. Бурхан Халдун уул Улаанбаатар хотоос шулуунаар 186 (279) км, Төв аймгийн Мөнгөнморьт сумаас шулуунаар 75 (86) км зайд оршдог.Уг уулын төрийн тахилгыг Монгол улсын ерөнхийлөгчийн зарилгаар 1995 оноос эхлэн дөрвөн жил тутамд тахиж байхаар болсон билээ.

Хагийн Хар нуур
Туул голын баруун гар талын томоохон цутгалын нэг Хонгорын голын эхэнд умард өргөргийн 48024150”, дорнод уртрагийн 1070 541 40” солбицолд далайн мандлаас дээш 1817.3 м өндөрт өргөгдөн оршино. Хагийн Хар нуур нь Хийдийн сарьдгаас эх авч байсан эртний мөсдлийн хажуугийн моренд Ар Хүлэр буюу Нуурын голын хөндий боогдсоноос үүссэн эртний мөсдлийн гаралтай үлдэгдэл нуур юм. Нуурын талбай 2.7 хавтгай дөрвөлжин км, урт нь 2.5 км, өргөн нь 1.1 км, эргийн шугамын урт 6.2 км, хамгийн гүнзгий газар нь төв хэсэгтээ бөгөөд 25 м хүрдэг бол дундаж гүн нь 11 м ажээ.

Хар Зүрхний Хөх нуур
Эзэн Чингэсийн Монголын их гүрний хаан ширээнд заларсан ”Хар Зүрхний Хөх” нуур Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын нутаг Бага Буурал уулын зүүн өмнө талд Юдэгийн голын эх Бяруутын бүрдний эхэнд далайн түвшнээс дээш 1615.0 м өндөрт өргөгдөн оршдог.

n_zasag
http://www.namhem.pmis.gov.mn/
bogdhan_logo
wqmd-banner
logo-naqo
ub_logo