Нүүр > Аялал жуучлал > Түүх, соёлын дурсгалт газрууд
Хэвлэх хувилбар
Түүх, соёлын дурсгалт газрууд

Гүнжийн сүм.
Монголын Довдондорж ноён өөрийн талийгаач хатан Манжийн Энх Амгалан хуандийн зургадугаар охин Хичээнгүй амарлингуй гүнжид зориулан бариулсан Гүнжийн сүм Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг Туул голын баруун гарын томоохон цутгалын нэг Баруун Баян голын эх Хөх чулууны голын эх Сүмийн гурван Эрээний наран ургах зүүн өмнө зүг харсан хажуугийн бэлд Улаанбаатар хотоос зүүн хойт зүгт шулуунаар 70- аад км зайд умард өргөргийн 480 101 40”, дорнод уртрагийн 1070 331 00” сольбилцолд оршино. Уг сүмийн хэрэмний өндөр 2,5 м, зузаан нь 0,3 м, өргөн урт нь хааш хаашаа ижилхэн 70 м тэг дөрвөлжин юм. Сүмийн өмнөх боржин чулуун мэлхий дээр байрлуулсан хөшөөний өндөр 2,54 м, өргөн 0,82 м, зузаан 0,22 м ажээ.

Түүх сөхвөл Монголын Түшээт хан Чахундоржийн ач хүү Довдондорж тухайн үедээ өндөр боловсролтой ухаалаг нэгэн байжээ.Тэрбээр монголын тусгаар тогтнолын төлөө өөрийн авьяас билэг, ухаан бодлоо зориулж ирсэн. Довдондорж ноён өөрийн угсаа улс орны эрх ашгийг бодож Хотгойдын Баярт хатнаас төрсөн хүүгээ их авга анхдугаар богд гэгээн Занабазарын хойт дүр хэмээн богдыг Монголоос тодруулж байсан билээ.

Довдондорж ноёнд Манжийн Энх Амгалан хуандий өөрийн зургадугаар охин Хичээнгүй амирлингуй гүнжийг 1697 онд хатан болгон өгчээ. Хичээнгүй амирлингуй гүнж ч усыг нь уусны хувьд ёсыг нь дагаж Монголын төлөө санаа тавьж эзэн хуандийн өргөмжлөлийг зөрчиж ирсэн харийн гүрний монгол эмэгтэй байсан гэдэг. Манжийн хаанаас Энх Амгалан хуандийн охинд өгсөн өргөмжлөлийн зарлигт:
”... Хичээнгүй амирлингуй гүнж чи Энх Амгалан хуандийн зургадугаар охин хааны гэрт төрөөд тэнгэрийн удмаас гарлаа. Гүн ордны туйлын сургаалыг эрхэмлэн дагаж явахыг осолдож болохгүй...”гэх зэргээр хатуу даалгавар өгсөн авч гүнж даалгаврыг нь үл дагасан ажээ. Иймээс ч гүнж манжийн албатад хорлогдсон гэдэг яриа байдаг. Ямар боловч монголчууд 1740 онд өөд болсон Хичээнгүй амирлингуй гүнжийг ихэд хүндэтгэн Гүнжид зориулан шарилын сүмийг барьж сүмчин 13 отгийг өөр өөр хошуудаас авчиран, хатуу ёс горимыг сахиулан харж хамгаалж ирсэн юм. Эдгээр сүмчин отгийн үр удам одоо ч Баруун Баян гол орчмоор нутаглан суурьшиж амьдарсаар байна.
Хүндэтгэлтэй хүнийг насан өөд болоход бунхлан сүм барьж шүтэж байсан нь тэр үеийн Монгол, Манжчуудын амьдралын хэв шинж онцлогийг харуулж байгаа юм. ХҮII зууны үеийг хүртэл суу ухаант хутагт хувилгаадын цогцосыг суврагаладаг уламжлал байсан билээ. Энэ нь явсаар арвандолдугаар зууны хоёрдугаар хагасаас Манжид цогцосын сувраганы гадуур сүм барьдаг болсон. Иймээс тэрхүү ёс жаягийг барьж энэхүү сүмийг бүтээсэн бололтой.

Төгс баясгалант номын их хүрээ /Сарьдгийн хийд/.
Монгол түмний дунд Сарьдгийн хийд хэмээн алдаршсан Төгс баясгалант номын их хүрээ буюу Рибогэжайганданшадублин хийдийн туурь Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг Туул голын баруун гарын томоохон цутгалын нэг болох Хийдийн голын эхэнд Хийдийн сарьдгийн өвөр Хийдийн даваанаас зүүхэн хойш 5 км орчим зайд умард өргөргийн 480 271 48”, дорнод уртрагийн 107059135” сольбилцолд д.т.д 2060.0 м өндөрт Улаанбаатар хотоос шулуунаар 100 гаруй км зайд оршино.
Төгс баясгалант номын их хүрээг Өндөр гэгээн хэмээн алдаршсан анхдугаар богд гэгээн Занабазар Жавзандамба хутагт Лувсандамбийжанцан Монголын шашны томоохон төв болгохоор Европын 1654 он буюу Иеэр засагчийн 11- р он, ХI жарны модон хөх морин жил байгуулж эхэлсэн ажээ. Ингээд гучаад жилийн дараа сая байгуулж дуусган равнайлж хутгийг оршуулсан гэдэг. Гэвч асар удалгүй Халх- Ойрдын дайны явцад Ойрдын Галдан Бошигт хааны цэргүүд уг хийдийг эвдэн сүйтгэснээс хойш балгас болон үлджээ. Иймээс Төгс баясгалант номын их хүрээний талаарх мэдээ сэлт тун ховор, тэрч байтугай тодорхой үр дүнд хүрсэн дүгнэлтийг судлаачид ч хараахан гаргаж чадаагүй байгаа бололтой. Хийдийн туурийг үзэхэд засч тэгшилсэн ухаа боржинг өрж сүмийг барихдаа аливаа доргилт, цэвдэгтэйн хэв гажилтаас сэргийлэн уян хатан чанартай болгох зорилгоор хавтгай хувирмал занараар чигжиж модон шаантаг байрлуулан барьсан нь уран барилга, бат бөхийн инженерын шийдэл маш оновчтой хийсэн болохыг харуулна. Хийдийн ханыг шавардаж улмаар цагаан шохойгоор шохойдсон байсан нь одоо ч тод харагдана.

Томоор үзэх
Томоор үзэх
Томоор үзэх
Томоор үзэх
Томоор үзэх
Томоор үзэх
Хийдийг сарьдгийнхаа бэл орчмын энгэрт эртний мөсдлийн хурдас чулуулгийн завсрын суурь чулуун хамрыг өгсүүлэн байрлуулж барьсан байжээ. Мөн хийдийн ар талаар шуудуу татсан байсан бололтой урт бичил хотгор гүдгэрийн хэлбэр ажиглагдана. Үүний зэрэгцээ хийдээс өмнө зүгт Хийдийн голын эргийг дагаж уруудсан “зассан зам” ажиглагддаг. Үүнийг нутгийнхан зориуд хүн зассан зам гэдэг боловч тэр нь тодорхой бус байна. Учир нь нэг талаас харвал эртний мөсдлийн хажуугийн морены далан байж болох талтай бичил хотгор гүдгэрийн хэлбэр юм. Хийдийн өмнө талд 4м орчим өндөр хоёр том овоон товгор (шохой, тоосго шатаадаг энгийн арга лугаа овоолж хийсэн) бий. Энэ нь гадуураа шороон хучлагатай дан ганц шатаасан том жижиг шавар цац байгаа нь үйлдвэрлэлийн шинжийг агуулна. Иймээс хийдийг барьж дуусгасан байсан эсэх нь бас эргэлзээтэй юм.

Одоо хийдийн нурсан ханан дээр том хуш мод ургасан байгаа нь уг ханын насыг тогтоох нэгэн биет болох учиртай. Гэхдээ үүнийг мэргэжлийн үүднээс нухацтай үзэх нь зүйтэй санагдана. Уг модны насыг тогтоохоос гадна хийдийн ханын ёроолоос дарагдмал хөрсний, шатаасан овоолгоноос нүүрсний дээж авч цацраг идэвхит нүүрстөрөгчийн аргаар нас тогтоох нь зүйтэй юм.

n_zasag
http://www.namhem.pmis.gov.mn/
bogdhan_logo
wqmd-banner
logo-naqo
ub_logo